Амьд бурхан
Өөрийнхөө үхлээр биднийг гайхшруулж байгаа нэгэн бол Итгэлт хамба билээ.
Амьд бурхан Итгэлт хамба хэмээн алдаршсан Дашдорж нь 1852 онд төржээ.
Түүнийг таван настайдаа анх тодорсон гэж буддын шашинтнууд үздэг. Хамбыг
1927 онд оршуулж, 2002 онд ухаж гаргасан юм. Газрын хөрсөн дор 75 жил
байхад түүний биед ямар нэгэн өөрчлөлт гараагүй ба амьд юм шиг сууж
байгаагаар барахгүй үл мэдэх чийглэг амьсгал байгаа гэдэг. И.Дашдорж
хамба одоо 156 насыг зооглоод байгаа. Түүний ялсандагийн бясалгалын
гайхамшигт үлгэр жишээ гэж үздэг. Сэтгэхүйгээ ийм өндөр хэмжээнд хүртэл
жолоодож хөтөлсөн жинхэнэ нууц нь дотоод мөн чанартаа байдаг аж.
Буриадууд 2002 оноос өмнө нууц байдалд шарилыг 1955 онд дараа нь 1973
онд ил гаргаж үзсэн байдаг. Тэгээд цогцос хэвийн байгааг үзчихээд далд
хийсэн аж.
Өөрөө өөд болохоосоо өмнө шавь нартаа ингэж үзэхийг захисан гэдэг. Харин
2002 онд амьд бурхан болсон хамбыг гаргаж ирэхэд цаг үе өөр болж шашин
дэлгэрсэн сүм, хийдтэй болж ОХУ-ын төр засаг элдвээр хавчихаа байсан цаг
байлаа.
Судалгааны хачирхалтай үр дүн
Олон орны эрдэмтэн, судлаачид энэхүү мөнх лагшинг судлахаар санал
тавьдаг байна. Харин Буриадууд ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны Шүүн
магадлах эмнэлгийн судалгааны төвийнхөнд 2004 онд шинжлэх эрх олгосон
юм. Москва хотоос тус төвийн мэргэжилтэн, нэрт эрдэмтэн Виктор
Николаевич Звягин Улаан-Үдэд ирээд эрдэнэт мөнх лагшинг нягтлан үзэж
бичлэг хийсний дараа зарим нэг эд эсийн шинжилгээ хийхээр Москвад
аваачих зөвшөөрөл хүсчээ. Тэд хамбын тэргүүнээс унасан дөрвөн ширхэг үс,
биеэс нь гуужсан дөрвөн грамм арьс, баруун хөлийнх нь хоёр дахь
хуруунаас дөрвөн грамм хумс авч эд эсийн шинжилгээ хийжээ. Москвад
аваачаад энэ эд эсийг шинжлэхдээ нэл ягаан буюу доод ягаан туяаны
задлагаар шинжилж гарсан үр дүнг үзэхэд нийт хүн төрөлхтөн, эрдэмтэн
судлаачдыг цочроосон ер бусын содон үр дүн гарсан. Итгэлт хамбын энэ
ариун мөнх лагшингаас авсан эд эсийн судалгааны үр дүн амьд биеэс авсан
эд эсийн шинжилгээний дүнтэй адилхан гарсан нь бүгдийг гайхалд оруулсан
юм. Энэ мэдээлэл дэлхий даяар тарж олныг гайхшралд оруулсан билээ. Орчин
үеийн шинжлэх ухаан ийнхүү амьд эд эстэй адилхан үзүүлэлт гарч ирэх
үзэгдлийг тайлбарлах чадваргүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Хамбын ургийн судар
Буриадын Иволгийн дацангаас 2005 оны гуравдугаар сард ном судар дотроос
Итгэл хамбын урьд төрлийнх нь 12 үеийн намтрыг бичсэн судар олдсон
байна. Өөрөөр хэлбэл, хамбын өмнөх амьдралын тав нь Энэтхэгт, тав нь
Түвдэд, сүүлийн хоёр нь Буриадад хувилан төрснийг батлах судар юм. Эхний
хувилан төрсөн бие нь бурхан Буддагаас өмнө Кашьяп хамбын үед буюу,
өөрөөр хэлбэл, III бурхан багшийн үед аж төрж байсан гэж нотлогдсон.
Харин хоёр дахь удаагаа хувилан төрсөн нь бурхан Будда Шагжимуны үед
Энэтхэгт аж төрж байсан байна. Будда Шагжимуны дэргэд аж төрж байх үедээ
тэрбээр Лицва хамба гэдэг нэртэй байсан бөгөөд бурхны гэгээн сургаал
тархаагүй газар бүрт ариун гэгээн сургаалыг нь түгээнэ гэсэн андгай
тангараг бурхан багшдаа өргөсөн аж. Хоёр дахь удаагийн хувилгаан
төрлийнхөө үед буюу бурхан Будда Шагжимуны үед аж төрж байсан Лицва
Сэнгэд зориулан босгосон суварга Бодьгаяад байгааг олж тогтоосон юм.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны их сургууль гэж нэрлэгддэг
Энэтхэгийн Наландарын их сургуулийн 5-10 км-ийн өргөн талбай бүхий
туурийн дунд Итгэл хамбын VI хувилгаан дүр болох Дармабалд зориулсан
бичиг хадан дээр сийлээстэй байдаг байна.
Йогийн лянхуа суудлаар сууж бясалгал хийж байгаад өөд болсон ламтан
өөрийн бунхныг тодорхой хугацааны дараа нээж vзэж байхыг гэрээсэлсэн аж.
Эгэл биш шид
Хамбыг шидийн чадвартай хүн байсан гэдэг юм. Эгэл бус чадварыг шидийн
чадвар гэдэг аж. Дайны үед хамбаас адис авсан гурван зуу гаруй цэргээс
нэг ч хүн нас баралгүй эргэж ирсэн гэдэг. Одоо ч гэсэн биед нь очиж
мөргөсөн хүний хүсэл биелдэг гэлцдэг юм билээ.
Хамгийн сонирхолтой нь 1927 онд нас барсан хэрнээ 75 жилийн дараа буюу
2002 онд гаргаад ирэхэд зүгээр унтаж байгаа хүн шиг л уян зөөлөн, гэдсэн
дээр нь дарахад хонхойгоод буцаад хэвэндээ ордог. Биеийнх нь дулаан 32
хэм байдаг аж. Угтаа бол шарилын дулаан 32 хэм байх арга байхгүй. Хүн
нас барахад бодисын солилцоо зогсдог. Гэтэл хамбынх хэвийн байгаа.
Газраас гаргаж ирээд таван жил болоход бие нь уян зөөлөн хэвээрээ аж.
Бүр хамбын хувцсыг сольдог, өглөө бүхэн нүүрийг нь угаадаг байна.
Тарнийн нууц
Буддын гүн ухаанд нууц тарнийн ухааны дээд шатанд билэг барамидын ухаан
гэж байдаг. Билгийн чинад хязгаарт хүрэхээр дэнсэлгүй иогийн (зүйрлэшгүй
иог)-ийн шатанд очдог байна. Энэ шатанд хүрэхээр сэтгэлээр биеийг
жолоодож чаддаг аж. Сэтгэлээр биеийг жолоодоно гэхээр өөрт хэрэггүй
болж хөгширч муудсан, хуучин биеийг орхичихоод сэтгэл нь явдаг ийм
аргыг самади гэж нэрлэх нь бий. Үүнийг буддын гүн ухааны номыг үзсэн
хүмүүс сайн мэднэ. Манайд үүнийг сайн тайлбарлахаар лам нар, эрдэмтэд
зөндөө бий. Хамбын биед яагаад бодисын солилцоо зогсоогүй байдаг билээ
гэдэг асуудал гарч ирж байна. Гэтэл үүнийг өнөөгийн анагаах ухаан,
биологийн ухаан, физикийн ухаан ерөөсөө тайлбарлаж чадахгүй байгаа юм.
Үүнийг судлах институт ч байгуулсан байна.
Билгийн чинад хязгаар дахь мэдлэг
Монголд 120 гаруй жил болсон суугаагаараа занданшан самадид орсон хоёр ч
ламын шарил байдаг байна. Үүнийг манай эрдэмтэд очиж үзжээ. Гэхдээ
нутгийн ардууд тэр бүр хүнд зааж өгөөд байдаггүй аж. Нутаг нь ч гэсэн
хэн хүнгүй гүйж очоод ухаад малтаад байхаар газар биш гэнэ лээ. Мөн
түүнчлэн Гандангийн хашаан дотор Монос модны дор 400 жил самадид байгаа
лам бий гэсэн яриа байдаг. Үнэн худлыг цаг хугацаа л харуулах байх.
Шинэ цагийн монголчууд үүнийг ойлгож хүндлэх цаг хугацаа болоогүй аж.
Нийгэм, ард түмний сэтгэхүй дахин өөрчлөгдөж, чадал авьяастай мэргэд
тарнийн нууцад нэвтрэх цагт сэтгэхүйгээр биеийг жолоодох энэ аргыг
мэддэг болно. Буддын нууцлаг энэ гүн ухаан 5-6 мянган жилийн өмнөөс
суурь нь тавигдсан гэдэг бол өнөөгийн европын шинжлэх ухаан 400 жилийн
настай. Гэтэл самади нь өрнийн шинжлэх ухааны эрдэмтдийн мэддэгээс цаана
байдаг билгийн чинад хязгаар дахь мэдлэг юм.
niigmiintoli.mn