Өмнөд Солонгос улс явган цэрэг болон агаарын хүчний хамтарсан томоохон
бэлтгэл эхлүүлсний дараахан Хойд Солонгосын арми цөмийн зэвсгийн хүчин
чадлаа ашиглан ариун дайн эхлүүлэхэд хэзээд бэлэн хэмээн мэдэгдсэн
байна.
Солонгосын ардын армийн дэд маршал Ким Ён Чун удирдагч Ким Чен Ирийн
Солонгосын ардын армийн дээд командлагч болсны 19 жилийн ойн баярын
хуралдааны үеэр ийн мэдэгдсэн байна. Тэрээр Өмнөд Солонгос ийн удаа
дараа өдөөн хатгаж байгаа нь дахин нэг Солонгосын дайн эхлүүлэх зорилгыг
нь илтгэж байна, ингэснээр тэд Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэзээд
дайн дэгдэж магадгүй болгоод байна гээд, "Хэрэв дайснууд Ардчилсан
Солонгос улсын хил рүү агаараар, газраар, далайгаар 0.001 мм л давж
халдвал Солонгосын ардын арми эргэлзэх зүйлгүйгээр хариу цохилт өгнө.
Ардчилсан Солонгосын арми болон ард түмэн хэзээ ч хоосон ярьдаггүй
гэдгийг санаарай” хэмээн онцгойлон анхааруулжээ.
Төгсгөлд нь тэрээр АНУ болон дагалдагчдыг нь дайн эхлэх үндэс суурийг
тавьсан гээд Солонгосын ардын арми түрэмгийлэгчдийг газрын хөрснөөс
арчин хаяж, баазуудыг нь дэлбэлэн, дахин өдөөх үндэслэл шалтгааныг үгүй
болгоно хэмээн заналхийлсэн байна. Өнгөрсөн сарын 23-нд Өмнөд Солонгос,
Хойд Солонгосын хооронд болсон буудалцаан Солонгосын хойгийн байдлыг
хурцадгаж, байнгын түгшүүртэй болгосон юм. Ким Ён Чун нь Хөдөлмөрчний
намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Үндэсний батлан хамгаалах
комиссын дэд дарга, Ардын зэвсэгт хүчний сайд юм байна.